Австрийн пассив барилгын туршлага - Harald K.Malzer
2025.07.09-нд Улаанбаатарт болсон “Хүйтэн Бүсийн Пассив Барилга” ОУ-ын хурал 2025 (Passive House for Arctic Climate International Conference 2025)-ын үеэр Австрийн Neue Heimat Tirol (NHT) байгууллагын судалгаа, хөгжлийн хэлтсийн дарга Harald Konrad Malzer уригдан ирж илтгэл тавив.
Тэрээр "Австрийн Пассив Барилга" гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Үүндээ Тироль муж дахь иргэдийн орлогод нийцсэн нийтийн орон сууцыг пассив арга зарчмаар хөгжүүлж, урсгал зардлыг маш бага байлгах зориулалттай (social housing) хийгдсэн төслүүдийн туршлагыг танилцууллаа. Байгалийн хийн үнэ тасралтгүй өсч буй өнөө үед ийм төрлийн эрчим хүчний өндөр үр ашигтай, сэргээгдэх эх үүсвэрт тулгуурласан шийдлүүд нь оршин суугчдын ашиглалтын зардлыг урт хугацаанд тогтвортой маш бага түвшинд барих чухал арга зам гэдгийг тэрээр онцлов. Монголд Австрийн NHT-ийн пассив барилгын төслүүдийн туршлагаас санаа авч хэрэгжүүлбэл иргэдийн амьдралын зардлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд ээлтэй, утаагүй хотын хөгжлийг дэмжих том боломжийг олгох болно.
Австрийн пассив барилгын туршлага
Австрийн "Neue Heimat Tirol (NHT)" байгууллагын хэрэгжүүлсэн төслүүд
NHT нь 7,000 гаруй пассив орон сууц барьсан, Европын хамгийн том пассив байшин хөгжүүлэгч бөгөөд Sinfonia буюу хуучин орон сууцныг сэргээн засварлах (EnerPHit стандарт), Smart City Wörgl буюу барилгын эко материал, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хослуулан ашигласан ногоон дүүрэг байгуулах мөн Passive House PLUS буюу сэргээгдэх эрчим хүч ашиглан nearly zero буюу тэгд дөхүү CO₂ ялгаруулалттай хотхон барих зэрэг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийгмээ хамгаалах шилдэг төслүүдийг хэрэгжүүлсээр байна.
2024 онд гэхэд нийт 704 шинэ пассив орон сууцыг барьж ашиглалтад оруулсан бөгөөд эдгээрийн түрээсийн үнэ нь Тироль мужийн зах зээлийн дундаж үнээс ойролцоогоор 50 хувиар хямд байсан нь оршин суугчдын амьдралын зардлыг мэдэгдэхүйц бууруулахад чухал нөлөө үзүүлжээ. Ашгийн бус зарчмаар ажилладаг NHT нь зөвхөн орон сууц барих төдийгүй, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх, урсгал зардлыг урт хугацаанд тогтвортой байлгах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эерэг хувь нэмэр оруулахыг зорьж байна.